25/06/2026
🌈🌈Бошлой хадны домог💥
Эрт урьд цагт туйлын ядуу амьдралтай Бошлой хэмээх залуу долоон улаан ямаатай, ганганахаас ганц нохойтой, хангинахаас ганц хайван тогоотой, хамгаас үзэсгэлэнт эхнэртэйгээ Дэлгэр мөрний дэнжид аж төрөн амьдарч байжээ.
Бошлойн саахалт баян чинээлэг ноён олиггүй ааштай, олон авгай сольсон олигор Чойжоо гэдэг хүүтэй юмсанжээ.
Тэр нь Бошлойн үзэсгэлэнт эхнэрт дурлаж үдэш оройн цагаар аарц, цагаа, ааруул хурууд аваачин өгч сээтэн хаядаг болжээ. Нэгэн өглөө туйлын гүндүүгүй, хар санаагүй Бошлойд олигор Чойжоо онгирсоор ирж ёрдойн харагдах тэр хаданд ёл шувуу өндөглөсөн байна. Ёлын өндөг шиг үнэт эрдэнэ ертөнцөд хаа байх билээ, хоюулаа очиж хувааж авая гэсэнд зөвшөөрөн хана, сур зэргийг бэлтгэн аваад хадан хясааны оройд гарч ирээд олигор Чойжоо Бошлойг хананд хүлж доошлуулан агуйд хүрмэгц сураа тавьжээ. Бошлойг агуйд ормогц бүргэдийн 2 цагцаахай байжээ.
Тэр өдрөөс хойш олон сар хоног өнгөрч бүргэдийн цагцаахай нисэн одох болсонд сураа зүсэж 2 тор хийгээд түүн дотроо цагцаахайгаа сурны 2 үзүүрт холбон өөрөө дунд нь дүүжлэгдэн бууж иржээ.
Бүргэдийн 2 цагцаахай Бошлойд дасан салахгүй дагаад байхаар нь бэлчиж явсан адуунаас нэгэн унага алж өгөөд гэртээ очив.
Гэртээ ирэхэд нь олигор Чойжоо эхнэрийг нь аваад хурим найр хийж байжээ. Бошлой хуриманд ороод хатавчинд суужээ. Хуримын тэргүүн хөсрийн хар новшид ганц хундага архи өгөөд хөөж явуул гэсэнд:
- Би ая бариад тогтоож болохсон болов уу? Гэсэнд бүгд толгой дохин зөвшөөрчээ. Бошлой ийнхүү ая барьжээ.
Тойроод суусан зонгууд нь
Толгой дараалан нэртэй дээ
Тогтоож байгаа хундага минь
Томоогүй багын учралтайдаа
Найрлаж суугаа зонгууд нь
Намтар түүхтэй хүмүүс дээ
Надад бариулсан хундага нь
Насан багын учралтай даа
Хар санаатанд өртөгдөж
Хадан хясаанд амьдарлаа даа
Бүргэдийн хоёр цагцаахай минь
Халин нисэж явлаа даа
Бардам санаатанд мэхлэгдэн
Байц хясаанд байлаа даа
Бүргэдийн хоёр цагцаахай минь
Дэвэн нисэж явлаа даа гэж ая өргөөд гэрээс гарч одоход дууны нарийн утгыг олсон хүүхэн нь огт танигдахааргүй болтлоо ядарч, зүдэрсэн нөхрийнхөө араас уйлан гүйн очсоноор хурим тарж Бошлой заяаныхаа ханьтай замбуулин хорвоод амьдралаа үргэлжлүүлэн амар сайхан жаргажээ.
🌱☘️🌿🌱🌱☘️🌿
Баянзүрх сумын нутаг Дэлгэр мөрөн, Бэлтэс гоол хоёрын уулзварт элдэв сонин үрчлээ судал, агуй бүхий сүрлэг өндөр цохиог “Бошлой хад”
гэж нэрлэдэг.
Бошлой хад zipline Хөвсгөл аймаг Баянзүрх сум