22/07/2026
Буйр 2026
Энэ жилийн наадмын амралтаар гэр бүлээрээ Буйр нуурыг зорьлоо. Үнэндээ бол шинэ төрсөн охиноо авга нарт нь золгуулах гэж л явсан юм л даа 🥰🥰
Торгон элс, хурц нар, хаяа хязгааргүй их ус, хөөрхөн шумуултай болохоор нь манай гэр бүл Буйр нууранд их дуртай. Харин энэ удаад их салхитай, өндөр өндөр давлагаатай өөр нэг Буйртай танилцлаа 😝 Салхитай ч гэсэн нуурын ус дулаахан, хүүхдүүд давлагаанд нь шидэгдэж тоглоод, нуурандаа орж зогсоод давлагаа руу нь харахад ирж байгаа давлагаа үнэхээр сүрдмээр, тэнгэрийн хаяатай нийлсэн их ус яг л далай шиг..
Буйр луу Дорнодоор, эсвэл Сүхбаатараар гэсэн 2 замаар явах сонголттой. Сүхбаатарын зам нь шороогоор бага км явдаг ч гэсэн бороотой үед шавар намаг ихтэй гэж дуулсан болохоор дассан сурснаараа Дорнодоороо л явчихлаа.
Улаанбаатараас 660 км засмал замаар яваад Чойбалсан орно. Цаашаа 220 км шороогоор яваад, Газрын тосны 21-р талбайгаар засмал замтай нийлж, 100 орчим км засмалаар яваад Буйр орно доо. 220 км шороон зам нь бага зэрэг дэржигнүүртэйгээс бусдаар асуудалгүй, сайхан зам байгаа.
Тамын 50 гэж Сүхбаатар луу салдаг уулзварын цаахнаас эхлээд 50 км зам байгаа. Чойбалсан ордгийн наахна бас гунигийн 30 гэж ярьдаг зам бий. Тэр замуудыг засах гээд хуулчихсан, хажуугаар нь шороо түрээд зам гаргасан байна лээ. Дажгүй л явчихсан.
Чойбалсан хотод үзэж харах юм их бий. Монголын хамгийн гоё хотуудын нэг шүү дээ. Шөнийн Чойбалсангаар зочилж, Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгээр алхаарай. Хэрлэн голын эргийг үнэхээр гоё тохижуулсан, сайхан цэцэрлэгт хүрээлэн байгаа даа. Танктай хөшөө, ялалтын хөшөө, бөмбөг дэлбэрсэн газар, байгалийн түүхийн музей, хөлбөмбөгийн талбай гээд олон гоё газар бий.
Алдарт Мэнэнгийн талаар давхиж явахдаа нэг шүлэг зохиолоо, та хэддээ сонирхуулъя.. Бугуйл хаях ойроос нар мандах нь сонин
Бууж үдлэх холоос айл харагдах нь хачин.. За за тоглосон юм, манай Б.Явуухулан ахын зохиосон мөртүүд шүү.
Цэв цэнхэр тэнгэр, нов ногоон тал, тэнгэрийн хаяа руу зурайсан ганц тод зам.. Мэнэнгийн талд нар мандах, жаргахыг харах үнэхээр гайхамшигтай даа.
Мөн нэгэнт Буйр орсных цаашаа Их бурхант цогцолбор, Халх голын хөшөө дурсгалууд, Халх гол сумын Ялалтын музей, Монголын хамгийн өндөр хөшөө болох Ялалтын хөшөөг үзэж сонирхоорой.
Бид буцахдаа Түмэнцогтоор хойшоо салаад 30км шороогоор яваад Хэнтий аймгийн Баян-Овоо сум орсон. Гүрэмийн нууранд жил ирэх тусам хүний хөл хөдөлгөөн нэмэгдэж, дагаад Баян-Овоо сум сайхан хөгжиж байна лээ. Арьс харшлын эмчилгээний шавартай, хануур хорхойтой гэдгээрээ алдартай сайхан нуур байгаа даа. Диатезтай байсан хүү маань энэ сайхан нууранд ороод л нам болсон шүү дээ.
Баян-Овоо сумаас баруун тийшээ шороон замаар 70 орчим км яваад Батноров сумаар засмалтай нийлсэн. Батноров суманд Боорчи андын гүү сааж суусан Хөхүүрийн хөндийд түүнд зориулж босгосон Андлалын хөшөө бий.
Батноровоос засмалаар 30км яваад Бэрх тосгон орж Бэрхийн гүний уурхайн музейг 2 дохоо үзлээ 😁😁 Үнэхээр сайхан бүтээн байгуулалт болсон шүү, та хэд зорьж очиж үзээрэй.
Музей нь газар дор 45 метрийн гүнд гээд төсөөл дөө. Уурхай нь ер нь бол доошоо 400 гаран метр гэсэн, усанд автсаны улмаас хаагдсан юм билээ. Музей маань -5 градусын хүйтэн байдаг тул орохдоо хүүхдүүддээ цамц өмсгөх нь зөв юм билээ шүү.
За тэгээд дахиад 70км засмалаар яваад Чингис хотод орж ирнэ дээ. Тэгээд 330 км яваад Улаанбаатар.
Энэ жилийн аялал аажуу тайван, нуур нууранд очиж тааваараа хонож өнжсөн, тухтай сайхан аялал байлаа. Зүүн тийшээ олон явсан болохоор аялал гэхээсээ илүү амралт л боллоо 🤪🤪