31/05/2024
ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭХЭД ТАНЬ ДАРААХ ЗӨВӨЛГӨӨ ТУСЛАНА
Хэрвээ та ганцхан ширхэг цэцэг бэлэглэхээр шийдсэн бол тухайн цэцэг тань хэмжээгээрээ том байх хэрэгтэй. Жишээ нь сарнай, лиш, удвал, сараана, гладиолус гэх мэт цэцэгсийг ганц ширхэгээр нь бэлэглэхэд тохиромжтой.
Мөн цэцэг бэлэглэх гэж буй хүнийхээ нас, хүйс, нийгмийн байр суурь зэргээс гадна цэцэг бэлэглэх шалтгаан, нөхцөл зэргийг сайтар харгалзан үзсэний үндсэн дээр зөв сонголтыг хийх боломжтой юм.
Охидод хагас дэлбээлсэн, зөөлөн, анхилуун үнэртэй цэцэгсийг сонгох нь тохиромжтой. Жишээ нь ягаан, шар өнгийн сарнай, улаан лиш цэцэг, май, хонхлой цэцэг, цагаан хризантема гэх мэт.
Залуу бүсгүйд ид сайхан цэцэглэсэн улаан сарнай, гладиолус, алтан зул, лиш цэцэг, хризантема, гоодаль, мандарваа цэцэгсийг бэлэглэх хэрэгтэй. Харин настай эмэгтэйд бол тансаг чамин, хэт хурц, тод биш ч гэгээлэг өнгийн цэцэгс бэлэглээрэй (мөн түүнчлэн цэцгийн саванд хийсэн таримал цэцэгс ч байж болох юм).
Анхны болзоондоо нил цэцэг, хонгорзул, балжингарма эсвэл хонин нүдэн цэцэгсийн энгийн баглаа авчрах нь тохиромжтой. Ямар нэгэн хүндэтгэлийн арга хэмжээнд л орох гээгүй бол аварга том баглаа цэцэгний шаардлага байхгүй. Цэцгээ барихдаа заавал дээш нь харуулан барих ёстой гэдгээ битгий мартаарай. Мөн хэзээ ч гандаж, муудсан цэцэг бэлэглэж болохгүй!
Сүй тавихад шар өнгийн сарнай, цагаан, ягаан өнгийн лиш цэцгийг ихэвчлэн сонгодог. Сүйт залуу сүйт бүсгүйнхээ гэрт анх удаа зочлон очиж байгаа бол сүйт бүсгүйнхээ ээжид болон сүйт бүсгүйдээ хоёуланд нь баглаа цэцэг аван очих хэрэгтэй. Сүйт бүсгүйн ээжид сараана эсвэл хризантема цэцгийн баглаа барьж болох бол хайртай бүсгүйдээ хагас дэлбээлсэн цэцэгсийн баглаа бэлдээрэй.
Саяхан ээж болсон эмэгтэйд хэрвээ охин төрүүлсэн бол ягаан эсвэл улаан өнгийн цэцэгс (сарнай, лиш гэх мэт), харин хүү төрүүлсэн бол хөх, цэнхэр эсвэл гүн ягаан өнгийн (нил цэцэг, хонин зангуу гэх мэт) цэцэгс бэлэглэж болох юм. Ихэр хүүхдүүд төрүүлсэн бол хоёр ижил цэцгийн баглаа бэлэглэх нь ч бий.
Төрсөн өдрийн баяраа тэмдэглэж буй хүнд тухайн хүний дуртай цэцгийн баглааг барих нь зүйтэй.
Харин өндөр насныхаа ойг тэмдэглэж буй настай хүнд үнэтэй, гоё сайхан баглаа цэцгийг сонгох хэрэгтэй. Энэ тохиолдолд ихэвчлэн сагстай цэцэг бэлэглэдэг. Сагсанд цэцэгнээс гадна жимс, жимсгэнэ, чихрийн цуглуулга эсвэл амтат дарс ч байж болно.
Баглаа цэцгийг сонгохдоо цэцэгсийн өнгөний зохицол, харагдах байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй: баглаанд улаан өнгө зонхилсон байх нь ёслол хүндэтгэлийн, баяр баясгалангийн шинжийг илтгэдэг бол цагаан өнгө давамгайлах нь цэвэр ариун байдлыг, шар, улбар шар өнгө - дулаан халуун сэтгэл, гэрэл гэгээг, цэнхэр өнгө харилцан итгэлцлийг харуулдаг байна.