13/08/2026
📌ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ УРЬДЧИЛАН ЗАРЛАЖ БАЙНА
“ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЧААНЫ АВТОМАШИНЫ НЭГДСЭН ЗОГСООЛ, ТӨВЛӨРСӨН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ” ТӨСӨЛ
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 069 дүгээр тогтоолоор “Замын-Үүд суманд ачааны автомашины нэгдсэн зогсоол, төвлөрсөн нэг цонхны үйлчилгээний цогцолбор байгуулах” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад баталсан.
Төслийн байршил нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байх бөгөөд төслийн зориулалтаар 200,000 м² буюу 20 га талбай төлөвлөгдсөн.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 3.2-т заасны дагуу төслийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, зах зээлийн нөхцөл байдлыг тандан судлах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох, төслийн техникийн болон санхүүгийн боломжит шийдлийн талаар мэдээлэл авах зорилгоор энэхүү төслийг урьдчилан зарлаж байна.
ТӨСЛИЙН ҮНДСЭН ЗОРИЛГО
Замын-Үүд боомтын чиглэлийн ачаа тээврийн хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, ачааны автомашины төвлөрсөн зогсоол, жолооч, тээвэрлэгч болон холбогдох үйлчилгээ үзүүлэгчдэд шаардлагатай нэгдсэн үйлчилгээ, төвлөрсөн нэг цонхны үйлчилгээний дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоонд тулгуурлан бий болгоход оршино.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД СУДАЛЖ БУЙ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Төслийн хөрөнгө оруулалт, зураг төсөл, бүтээн байгуулалт, ашиглалт, үйлчилгээний үндсэн үүргийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлан хэрэгжүүлэх боломжийг судалж байна.
Сонирхогч аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч дараах чиглэлээр өөрийн боломжит шийдэл, санал, мэдээллийг ирүүлж болно:
• архитектур, инженер, технологийн ерөнхий шийдэл, зураг төсөл боловсруулах хувилбар;
• төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг бүрдүүлэх боломж;
• барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг барьж байгуулах шийдэл;
• шаардлагатай тоног төхөөрөмж, системийн шийдэл;
• төслийн объектын ашиглалт, үйлчилгээ, засвар арчлалтын загвар;
• төслийн орлого, хэрэглэгчийн төлбөр болон бусад боломжит орлогод суурилсан санхүүжилт, бизнесийн загвар;
• түншлэлийн боломжит хугацаа болон гэрээ дуусгавар болох үеийн хөрөнгийн зохицуулалтын санал.
ХУВИЙН ХЭВШЛЭЭС АВАХ САНАЛ, МЭДЭЭЛЭЛ
Төсөлд хөрөнгө оруулах, хэрэгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч дараах мэдээллийг боломжит хэмжээнд багтаан ирүүлнэ:
1. Төслийн ерөнхий үзэл баримтлал, техникийн шийдэл;
2. Зогсоолын санал болгож буй хүчин чадал;
3. Үйлчилгээний төрөл, бүтэц;
4. Төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан хэмжээ;
5. Санхүүжилтийн эх үүсвэр, бүтэц;
6. Зураг төсөл, барилга угсралтын хэрэгжилтийн хугацааны санал;
7. Ашиглалт, үйлчилгээ, засвар арчлалтын загвар;
8. Орлогын боломжит эх үүсвэр, хэрэглэгчийн төлбөрийн зарчим;
9. Түншлэлийн боломжит хугацаа;
10. Төрийн талаас шаардлагатай гэж үзэж буй дэмжлэг, зохицуулалтын санал;
11. Төслийн үндсэн эрсдэлийг төр, хувийн хэвшлийн хооронд хуваарилах санал;
12. Ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлагын мэдээлэл;
13. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзэж буй бусад санал, шийдэл.
Ирүүлсэн санал, мэдээллийг төслийн зах зээлийн судалгаа болон бүрэн шинжилгээний ажилд мэдээллийн эх үүсвэр болгон ашиглаж болох бөгөөд санал ирүүлсэн нь тухайн этгээдийг дараагийн сонгон шалгаруулалтад шалгарсан, давуу эрхтэй болсон, эсхүл түүнтэй түншлэлийн гэрээ байгуулах үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй.
САНАЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ
Эцсийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг
Хүлээн авах байгууллага: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Хариуцсан нэгж: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ажлын хэсэг
Холбоо барих: “Их говийн хөгжлийн гарц” ОНӨААТҮГ-ын захирал Э.Пүрэв
Утас: 91116933
Цахим шуудан: [email protected]
Цахим хуудас: dornogovi.gov.mn
Сонирхсон этгээд төслийн талаарх нэмэлт мэдээлэл, газрын байршил болон нийтэд мэдээлэх боломжтой холбогдох баримт бичигтэй танилцах хүсэлтээ дээрх хаягаар ирүүлж болно.
ТАЙЛБАР
Энэхүү мэдээлэл нь хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах зар, урилга биш бөгөөд төслийн талаарх зах зээлийн мэдээлэл цуглуулах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг тандан судлах, техникийн болон санхүүгийн боломжит шийдлийг тодорхойлох, төслийн бүрэн шинжилгээнд ашиглах мэдээлэл бүрдүүлэх зорилготой.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эцсийн шийдвэр гарч, хууль тогтоомжид заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2026 оны 228 дугаар тогтоолоор баталсан холбогдох журмын дагуу тусад нь зохион байгуулна.