24/04/2026
📍Та бүхэн дээ энэ өдрийн мэнд дэвшүүлэхийн хамт энэхүү хуудасны чиг үүрэг цаашид салбарын чанарын дэд бүтцийн чиглэлээр танин мэдэхүй, мэдээллийн шинж чанарыг агуулан өөрчлөгдөж байгааг мэдэгдье.
📍Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн тунхагласан байдаг.
📍Аливаа салбарын болон салбар дундын хуулиар үндсэн хуулийн дээрх заалтыг хангах харилцаа зохицуулагддаг ба манай салбарын хувьд Автотээврийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар автотээврийн хэрэгсэл, түүний ашиглалт болон тээвэрлэлтийн байдлаас хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах харилцаа зохицуулагддаг билээ.
📍Автотээврийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ тогтоосон стандарт, шаардлагыг хангаж байгааг нотлоход шаардлагатай стандартчилал, хэмжил зүй , итгэмжлэл, тохирлын үнэлгээ (хяналт шалгалт, сорилт, бүтээгдэхүүн болон тогтолцооны баталгаажуулалт) зэрэг нь салбарын чанарын дэд бүтцийг бүрдүүлэх бөгөөд цаашид чанарын дэд бүтцийн талаарх ойлголт, мэдээллийг олон нийтэд хүргэхэд энэхүү хуудасны зорилго оршино.
📍Хөгжингүй орнуудын хувьд зах зээлд нийлүүлж байгаа тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдал хангагдсан эсэхийг тухайн үйлчилгээнд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлага, тохирлын үнэлгээ, хяналтын механизмын тогтолцоог харгалзан тодорхойлдог бөгөөд эдгээрийн үндсэн дээр аливаа гэрээ, хэлцэл байгуулагдаж байна.
📍Салбарын чанарын дэд бүтцийг цаашид олон улсын жишигт хүргэж боловсронгуй болгох замаар автотээврийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн дэд бүтцийн томоохон салбар болон өргөжин хөгжих их ерөөлийг нийт тээвэрчид дээ өргөе.